Хаан модны хөндийн оршин суугчид хүрээгээ тэлсээр хүмүүсийн чадвар, мэдрэмж цаг өнгөрөх тусам нэмэгдсээр байв. Усанд гарамгай сэлдэг хэсэг хүмүүсийг ДАЛАЙН ГҮНИЙ ГОО САЙХАНД ДУРЛАГЧИД гэх ба тэд хөлийнхөө оронд гоёмсог сэлүүртэй болцгоов. Явахыг үл хүснэ. Харин салхи зүсэн дүүлдэг хүмүүсийг САНСАР ОГТОРГУЙН ГОО САЙХАНД ДУРЛАГЧИД гэх ба тэдний нуруунд маш гоёмсог жигүүр бий болов. Сэлэхийг үл хүснэ. Хаан модны хөндийн хүмүүс үлгэрийн орны шидэт иргэд мэт төрөл бүрийн чадвартай, өөр өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болтол нь хөгжүүлсэн байв. Үүнийг нь тэдний сэтгэл болон бие эрхтнээ төгс удирдаж чаддаг болсонтой нь холбон тайлбарлаж болно. Тиймээс энд итгэхийн аргагүй гайхамшиг гэж үгүй болов. Хүний оюун ухаан хүчин мөхөстөх зүйл гэж энд нэгээхэн ч үгүй ажээ. Цагаан хувцастнууд нэмэгдэхийн хэрээр тэндхийн амьдрал улам ч сонирхолтой болж байсан хэдий ч нэг л хүнд, тодруулбал Фармеуст энэ бүхэн таалагдахгүй байлаа. Учир юунд вэ гэвэл энд ирэгчдийн тоо ихсэхийн хэрээр бүх моддын хаан аварга цагаан царс тэднийг даахаа байж, цагаан царсны шидэт цагаан жимс дуусах үед өөрийнх нь бүтээсэн мөнхийн хот мөхөхөд хүрэх вий гэж тэр айж байв. Ингээд амар амгалангийн орны хаанд айдас бий болов. Харин бусад мэдрэгчид усандаа тэнгэртээ газартаа уянгалаг аялгуугаа сонссон хэвээр хайрлан дурлалцаад л тайвшралдаа гүн шигдсээр байлаа.
Соёл иргэншилт нийгмээс хар хувцастнууд нэмэгдэж ирсээр л байлаа. Тэдний ярих зүйлс улам ч аймшигтай болж, тэдний ярианаас Фармеус ургамал амьтны аймаг мөхсөн тухай олж мэдэв. Тэгэхээр хүн төрлөхтний мөхөл ч бас ойрхон байж таарах нь. Тэнгисийн гоо сайханд дурлагчид хаан модны үндэс тэнгисийн гүнд байдаг бөгөөд аварга том үндэсийг тойрон шидэт ногоон булаг тэнгисийн ёроолоос шүүрэн гардаг боловч сүүлийн үед тэндээс шүүрэх булаг багасаж ширгэж байгаа тухай олж мэдсэнээ Фармеуст хэлэв. Харин тэнгэр огторгуйн гоо сайханд дурлагсад удахгүй маш халуун болохыг анхааруулав. Фармеус ахиад л гунигтай болчихов. Уг нь тэрээр энэ гуниг гээчээс л зугатаж ийм нэгэн үлгэрийн мэт амар амгалангийн орныг бүтээсэнсэн. Тэр эргэн ирсэн өөрийн гунигаа цэнхэр нүдэн амрагтаа харуулахыг хүсээгүй тул цагаан царсны оройд тамхи татан суугаад улааран байгаа тэнгэрийн хаяаг удтал ширтэн суув.
Нар маш удаанаар мандсаар л байлаа. Маш удаанаар мандсан шигээ хурц наран аажмаар улам ч халуунаар төөнөж уур амьсгал бүгчим хэцүү болж эхлэв. Хүмүүсийг залхаасан энэ тэсвэрлэшгүй халуун нь шөнийн жаргалаас ч он удаан үргэлжлэх мэт тэдэнд санагдаж байлаа. Тэнгисийн гоо сайханд дурлагчид хийгээд тэнгэр огторгуйн гоо сайханд дурлагчидаас бусад нь бүгд хаан модны сүүдэр бараадан нозооров. Тэгээд ИХ НОЙРСОЛТ гэж нэрлэсэн тийм цаг хугацаа үргэлжилэв. Хэт мэдрэмжтэй эдгээр хүмүүст нарны халуун нь эгээ л тамын халуун тогоо мэт. Хүмүүс халуунд дасан зохицох гэж хичнээн ч хичээсэн болж өгсөнгүй, ямар ч үр дүн гарсангүй. Тэдэнд ердөө шөнийн сэрүүнийг хүлээн унтах л үлдлээ. ИХ НОЙРСОЛТ...
Нар маш удаанаар мандсаар л байлаа. Маш удаанаар мандсан шигээ хурц наран аажмаар улам ч халуунаар төөнөж уур амьсгал бүгчим хэцүү болж эхлэв. Хүмүүсийг залхаасан энэ тэсвэрлэшгүй халуун нь шөнийн жаргалаас ч он удаан үргэлжлэх мэт тэдэнд санагдаж байлаа. Тэнгисийн гоо сайханд дурлагчид хийгээд тэнгэр огторгуйн гоо сайханд дурлагчидаас бусад нь бүгд хаан модны сүүдэр бараадан нозооров. Тэгээд ИХ НОЙРСОЛТ гэж нэрлэсэн тийм цаг хугацаа үргэлжилэв. Хэт мэдрэмжтэй эдгээр хүмүүст нарны халуун нь эгээ л тамын халуун тогоо мэт. Хүмүүс халуунд дасан зохицох гэж хичнээн ч хичээсэн болж өгсөнгүй, ямар ч үр дүн гарсангүй. Тэдэнд ердөө шөнийн сэрүүнийг хүлээн унтах л үлдлээ. ИХ НОЙРСОЛТ...
Хэдэн минут, хэдэн цаг, хэдэн сар, хэдэн жил энэ мэтчилэн өнгөрснийг хэн ч бодож олж чадсангүй. Анх тэднийг ирэхэд цав цагаан навчис нисэлдэж шөнийн сарны туяанд үргэлж л гэрэлт цох мэт анивчин байдаг өнөөх цагаан навчис эхнээсээ шаралж эхэллээ. Бүгд Фармеусыг ямар нэгэн арга бодож олох ёстой хүн гэж өөр хоорондоо ярилцах боловч тулган шаардсан хатуу үг цагаан сэтгэлтнүүдээс гарсангүй. Энэ үеүдэд цэнхэр нүдэн бүсгүй маш ихээр ганцаардаж эхлэв. Ганцаардана гэдэг нь энд байж болшгүй зүйл байлаа...
Ийм хэцүү үед ч гэсэн өнөөх хар хувцастнуудын цуваа тасрахгүй байсан бөгөөд хамгийн хачирхалтай нь хар хувцастнууд нартай гайхалтай зохицож байсан төдийгүй урд ирж байснаасаа арай л дээр сэтгэл зүйтэй болцгоожээ. Дээр нь нүднийх нь хар сүүдэр ч бага багаар арилж байгааг Фармеус ажиглав. Фармеус хөлсөө арчин байж тэднээс нартай яаж ийнхүү зохицон байгаа нууцыг нь ахин дахин асуух авч тэдний хариулт нэгэн хэвийн байлаа: Бидний хувьд нар амьдралыг тэтгэгч, бид нарнаас эрч хүч олж авдаг, нар бол ертөнцийг мөн биднийг гийгүүлэгч, нарны л хүчээр бүх дэлхий оршин тогтнодог... Харин Фармеус тэдэнд цөөрч байгаа жимснээсээ харамлалгүй өгсний дараа тэд нарны хүчийг хэд дахин илүү мэдэрч тэсэхийн аргагүйд хүрч зарим нэг нь далайн усанд живж үхэхийг илүүд үзэж эхлэв. Мөнхийн амар амгалангийн оронд ҮХЭЛ гээч хүч нартай хамт ирлээ. Энэ явдлын дараа Фармеус нар ахин жаргатал хар хувцастнуудад жимс өгөхгүйгээр шийдэв.
Нар жаргахыг хүлээн буй хар хувцастнууд далайн эргийн хадан цохион дэргэд амьдарцгаах болж зөвхөн тэр л зүгээс хүмүүсийн инээлдэх дуу, хадан цуурайтай хамт сонсогдож эхэллээ. Мөн тэд гайхмаар хурдан хөдөлнө. Зарим хөдөлгөнийг нь харах мэдрэхүй нь гайхалтай хөгжсөн Фармеус ч олж харж үл чадна. Тэд далайн усанд сэрүүцэн сэлэхдээ загаснаас ч шалмаг, хөөцөлдөн гүйх нь зээрээс ч хурдан ажээ. Нар тэдний бүх аз жаргал, амар тайвныг мөн шидэт цагаан жимсийг нь үгүй хийж байв. Хэсэг хугацааны дараа бүх моддын хаан аварга цагаан царс ширхэг ч жимсгүй ширхэг ч навчгүй боллоо. Нарны хурц гэрэлд шар навчис гялтганан нисэлдэх нь тэнгэрээр нэг нарны хэлтэрхий байх мэт улам ч хэцүү санагдана.
Гэнэт нэг эмэгтэй маш муухай ориллоо. Амар тайвныг олсноос хойш ийм түгшүүртэй хоолой сонсолгүй удсан цагаан сэтгэлтнүүд бүгд айж цочив. Фармеус тэр эмэгтэй дээр очин учирыг асуувал. Надад өнөөх гайхамшигт аялгуу сонсогдохоо байчихлаа. Би сонсох мэдрэмжээ алдаж эхэллээ. Надад жимс өгөөч гэж уйлж орилж эхлэв. Харин Фармеус түүнд тамхи асааж өгөөд тайвшрахыг хүсэв. Тэр эмэгтэй сүнсгүй цогцос болтлоо уйлан уйлсаар байсан бөгөөд түүнийг мэддэг хэсэг хүмүүс цогцсыг нь газарт булав. Тэнгэрийн орны иргэд айдаст автлаа. Тэгээд урьдынх шиг хайрлан дурлалцах хүсэлгүй болов. Одоо тэд өнөөх эмэгтэй шиг хэзээ булуулах бол хэмээн цагаа хүлээн их нозоорол дунд зовлонт биеэ чагнасаар хаан модны ёроолд амьд үхдэл мэт орших болов.
Фармеус хаан царсны оройд суун өөрийн бий болгосон амар амгалангын орныг айдас дүүрэн нүдээр ширтэн сууна. Урд өмнө нь инээд баясал, аз жаргал, хайр дурлалын хот байсан мөнхийн хот нь одоо тийм байхаа больжээ. Тэнгисийн гоо сайхан хийгээд сансар огторгуйн гоо сайханд дурлагчид бүр үзэгдэхээ ч байв. Магадгүй тэд аль хэдийн үгүй болсон ч байж мэднэ. Фармеуст л гэхэд дурлалт цэнхэр нүдэн бүсгүйнх нь дуу хоолой сахиусан тэнгэрийнх мэт тийм сайхан сонсогдохоо больжээ. Нар гарснаас хойш өнөөх хар үүл арилсан нь хар хувцастнуудын цуваа эргэсэнтэй холбоотой байжээ. Эцэст нь Фармеус энд хэр их хугацааг өнгөрүүлснээ бодож үзэв.
Тэд энд нар жаргаж байхад цугласан. Тэгээд нар жаргахтай зэрэгцэн зүүд мэт амар тайван амьдрал эхэлсэн. Нар жаргаж шөнө болсноос хойш анх удаа нар мандсан нь энэ.
Гайхалтай.
Бид энд ердөө нэг л шөнийг өнгөрүүлжээ.
Гэтэл ямар урт удаан жаргал цэнгэл, амар тайвныг амталсан билээ.
Би цаг хугацааг ингэж удаашруулсан юм чинь буцаагаад хурдлуулж чадах болов уу?
Гэтэл би үүн шиг шидэт хаан мод, шидэт цагаан жимс хаанаас ахиж олох вэ?
Хамгийн сүүлийн хар хувцаст хүн ирснээс хойш Фармеус ер бусын мэдрэмжээ алдаж эхэллээ. Тэр урьдынх шигээ харж чадахгүй болж нүдний цэгээн сүүдэр нь унтарч эхлэв.
Хаан модны хөндийгөөр амь тэмцэн орилолдох тэсвэрлэхийн аргагүй дуу хоолой цуурайтан гэрэлт диваажингийн орон агшин зуур там болон хувирав. Үүнийг нь улам нотлох гэсэн мэт галт бороо асгалаа. Галт солирууд хаан модыг юу ч үгүй нүхэлж хаан мод аварга том галт бамбар мэт шатаж эхлэв. Бүх цагаан сэтгэлтнүүд үймж бужигнан хаан модны хөндий хаа сайгүй үхдлээр дүүрэв. Тэдний бүх мэдрэмжүүд айдастай зэрэгцэн үгүй боллоо. Далай урьдын адил усан дусал цацруулсан аварга хөдөлгөөн байхаа больж эвхрэн шуугихтай зэрэгцэн хэдэн мянган цогцосыг эрэг рүү чулуудав. Айж сандарсан хүмүүсийн дунд Фармеус цэнхэр нүдэт дурлалаа гар дээрээ өргөн уйлан гүйх ба бүсгүй аль эрт үхсэн боловч үснийх нь ширхэгүүд Фармеусаас зууран зууран амь тэмцэж байлаа. Фармеус өөрийн бүтээсэн амар тайвны оронг хар нулимс цэлэлзэх нүдээр эцсийн удаа тогтож харлаа.
Эргэн тойрон гал, утаа.
Хүмүүсийн нүдэнд айдас, нулимс.
Хаа сайгүй үхэл.
Галт солирууд эгц доош уналгүй амь тэмцэн зугатах хүмүүсийг нэг нэгээр нь хөөн шатааж байлаа.
Хаан модны оройг хэмх цохин аварга том галт солир Фармеусыг чиглэн ирэх үед тэрээр гар дээр нь амьсгал хураасан цэнхэр нүдэт тэнгэрийн дагинаа сүүлчийн удаа үнсэхээр тонгойлоо.
Эргэн тойрон түнэр харанхуй, анир чимээгүй болов…
Тэгээд тэр муухай орилон нүдээ нээлээ. Хөшигний завсраар хурц нар нүүрэн дээр нь тусжээ. Фармеус сая л бодит амьдралдаа сэрж буйгаа ойлгов. Гэвч хаан модны хөндийд аймшигтайгаар хиарсан цагаан сэтгэлт тэнгэрийн орны иргэдийн араас харууссаар байв. Тэд тэнд үргэлжлэн үхсээр байгаа ч юм билүү.
Аль нь чухам бодит орон зай байсан бэ?
Би энэ хоёр ертөнцийн алийг нь туйлаас хүсэн мөрөөдсөн бэ?
Ахиад бүхнийг шинээр эхлэх үү?
Тийшээ буцаж очих уу, эсвэл эндээ үүрд үлдэх үү?




0 Сэтгэгдэл:
Post a Comment