Миний шүлгүүдийг уншиж буй эрхэм хүн таны амар амгаланг эрэн мэхийе. Та миний шүлгээс бүтнээр нь эсвэл хэсэглэн авч ашиглах бол зохиогчийн нэрийг дурдана уу! Миний оюуны өмчийг хүндэтгэн үзсэн танд баярлалаа.

Friday, May 08, 2009

Фармеус цаг хугацааг өөрчилсөн нь /Нэгдүгээр хэсэг/









Хаа нэгтэй орших амгалангийн орон руу яаран
Хаалгаа ч хаалгүй орхиод гүйж гарах сайхан
Мөрөөдлийн шаргал хөлөгтөө суугаад үүлнээс үүл дамжин
Мөнхийн хайр эгшиглүүлэн дэмий тэнэх сайхан

Зүүдэн дунд чинь тэгээд захиа болон очиж
Зүүд мэт итгэмгүй энэ ертөнцийн тухай
Энд хэрхэн дурлаж хэрхэн хайрладаг тухай
Энхрийлж хайрлахаас бусад нь үнэгүй байдгийг ярихсан

















Дэлхий хэмээх сөнөх дөхсөн гаригтай хамгийн ойрхон энэ гайхамшигт гаригийг уншигч авхай танд өнгөцхөн зураглан үзүүлбээс:
Зуун өнгийн солонго татсан хөв хөх тэнгэрт нь хөвөн цагаан үүлс цагариглан зургийн мэт үзэмжийг бүрдүүлсэн бөгөөд харсан бүхний сэтгэл хөдлөн сүрдмээр тийм үзэсгэлэнтэй.
Мянган зүйлийн гайхамшигт цэцэгс нойрмоглон найгаж, анхилуун үнэрт сэрүүн салхи эдгээр цэцэгсийг бүүвэйлэн шидэт нойронд автуулахын дээр гэрэлт бороо ганц нэгхэн дусагнах нь үзсэн бүхний сэтгэл уяран уяран хайралмаар тийм үзэсгэлэнтэй.
Түмэн зүйлийн од эрхэс анивчин дохиж, галт хийгээд гэрэлт солирууд урд хойгуур нисэлдэх авч үлэмж амгалан нэгэн зүйлийн диваажин мэт тийм үзэсгэлэнтэй агаад зөвхөн хүмүүн бидний мөрөөдөлд л оршин биелэж болохоор тийм гариг атал үнэхээр сансар огторгуйн уудмаа оршин байх ажээ.


Далайн цэцэгт хөвөөгөөр нь үүлэн шувууд амгалан нисэлдэж, уснаа загас жараахайд нь аюул үгүй гялтганан солбилдож, цэцэгт талаар нь зэрлэг адуу, зээр гөрөөс салхи мэт хурдлан давхих ба морьд нь өдөт жигүүртэй, зээр гөрөөс нь нулимс мэт тунгалаг сүрлэг сайхан эвэртэй ажээ. Энэ газарт нэгэн үзэсгэлэнт хөндий байх бөгөөд уг хөндийн төв дунд нь цагаан өнгөт үлэмж том царс мод тэнгэр багандан ургасныг энэ гаригийн сүр жавхаа болсон Хаан царс, хаан мод гэж нэрийднэ.
Бүх моддын хаан аварга том цагаан царс модны дор мянга мянган хүн цуглажээ. Үүл цоолон ургасан хаан модны мөчирөөс цав цагаан навчис ганц нэгээр хаялах нь амар амгалан тэнгэрийн орноо бороо орж байна гэж санагдам тийм үзэсгэлэнтэй харагдана. Эргэн тойрон цав цагаан, ирсэн зочид ч мөн цав цагаан хувцастай тул Хаан модны хөндий харанхуйд ч гэрэлтэхээр цагаан болжээ. Салхи үлээх нь энхрийлэн хайрлах мэт. Салхинд тасарсан цагаан навчис газарт уналгүй нисэлдэх нь жигүүртэй мэт харагдана. Нар хажуулж тэнгэрийн хаяа нилдээ улаан туяа татуулан энд тэнд галт солир цахилан өнгөрөх нь яг л үлгэрийн орон мэт үзэмжийг бүрдүүлнэ.

Гурван зуун хүн эгнэж зогсоход хүрэлцэхээр царс модны хамгийн доод мөчир дээр Фармеус зогсон цугласан олныг сэтгэл догдлон ширтэх бөгөөд тэдэнд хэлэх гайхамшигт мэдээ нь нүднээс нь гэрэлтэж, тэрээр шөнийг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байв. Удалгүй наран амгалан нойрсон жаргаж саран авхай ихэмсэгээр мандан гийгүүлэв ээ. Эндхийн сар нь яг л гар сунгахад хүрэхээр ойрхон мандах тул ер бусын гэгээтэй бөгөөд үүлэн хөшиг нүхлэн тусах сарны гэгээнд хаан царсны шидэт цагаан навчис яг л гэрэлт цох мэт нисэлдэх ажээ. Фармеусыг нүдээ аних мөчид тэнгисийн дагинас уянгалаг аялгуу эгшиглүүлэн далайн гүнээс долгилон урсах амтат аялгууг сонссон хүмүүс уяран уйлж үзэгдэв. Фармеус яаралгүй, маш намуухнаар ярьж эхэллээ.

- Огторгуйн оршин суугчид амар амгалан тэнгэрийн орны иргэд ээ! /Түүний ярих нь хөндий даяар намуухан цуурайтна/ Энэ цаг мөчөөс эхлэн бидний эргэн тойронд зөвхөн амар амгалан ноёрхож, бид айж эмээхийг умартан, ариун цагаан сэтгэлээр хүрээлүүлэн, тайвшрал дунд аж төрөх болно. Бидний ярих хэлэх нь уянгалаг, явах гүйх нь нисэх мэт байж өднөөс ч хөнгөн биеэр үүлнээс үүл дамжин, хиргүй цагаан сэтгэлээр хэн хэнийгээ хайрлан дурлаж, гариг эрхэсийн дунд гагцхүү жаргал хэмээх үг мөнхөд цуурайтах болно. Зугаа төдий дурлал хайр одоо зуу зуун жил үргэлжилж зуурдын байсан хувь тавиланг тань би мөнхийн болгож байна. Энх амгалангийн энэ диваажинд бид өтөлж хөгшрөхгүй, үгүйрч хоосрохгүй, эрүүл энх амьдарч хүсэхээс нааш үхэл гээчийг үзэхгүй. Фармеусыг ийн ярьж байхад л хүмүүсийн нүдэнд инээмсэглэл хайр гэрэлтэж, тэд жингүйдэх мэт маш удаанаар хөдөлж эхэллээ. Энэ мөчөөс эхлээд би цаг хугацааг хэд дахин удаашруулж, хүмүүн биеийн сэрэл мэдэрхүйг хэд дахин нэмж байна... Сүүлийн үгтэй зэрэгцэн тэнгэр аянга цахилгаан гялбаж Аварга модны хөндий ахин сүрдмээр их гэрэл дунд умбалаа.

Цаг хугацаа ийн үнэ цэнээ алдлаа...

Харсан бүх зүйл үнэхээр амар амгаланг илэрхийлж байв. Өвсний ганхан дохих нь алгуурхан агаад бүүвэйн хэмнэл мэт, салхи хөлөглөн нисэх цагаан навчис дэргэдүүр өнгөрөх нь бүжих мэт, шувуудын далавчаа дэвэх нь урд урдынхаас удаан бөгөөд гайхалтай сайхан харагдаж байлаа. Урд нь аймшигтай санагддаг байсан далайн хүчит давалгаа хүртэл усан дуслууд цацруулсан аварга том хөдөлгөөн болсон байх бөгөөд хөөсөн бөмбөлгүүд нь тийм гайхалтайг хэн ч өмнө нь төсөөлж байсангүй. Байгаль дэлхий хүмүүсийг өөртөө соронз мэт татан түүний энэ гоо үзэсгэлэнгээс хэн ч нүд салгаж чадахгүй байв. Тогтож харсансан бол магадгүй эдгээр гайхам үзэсгэлэнг олж харахаар тийм чадавхи бидэнд өмнө нь байсан байж мэдэх. Фармеусыг нүдээ анихад нь эгшиглэж эхэлсэн өнөөх гайхамшигт аялгуу, тэнгисийн дагинас. Хаан модны хөндий тэр чигтээ хайр энхрийлэл, гоо үзэсгэлэн, итгэмээргүй гайхамшиг бүхнээр дүүрч тэнд цугласан хүмүүс хэзээ ч харж, хэзээ ч сонсож, хэзээ ч мэдэрч байгаагүй бүхнээ сэтгэл дүүрэн бахдан биширч эхэллээ. Фармеус өнөөх аварга мөчир дээрээс нэгэн том цагаан навч адил салхи хөлөглөн нисэж: Харав уу би нисэж байна гэх түүний дуу хоолой хөндий даяар цуурайтан сонсогдоно. Хүмүүс өмнө нь харж байсан ч мэдэрч байгаагүй бүх зүйлээ, тухайлбал, солонго, манан, үүл, бороо, гал, ус зэрэг нь сайн мэдэрч мөн хөдөлгөөнийг нь хэд дахин удаашруулж харвал үнэхээр гайхмаар зүй тогтол гэдэг нь мэдрэгдэх тул тэд удтал ширтэх бөгөөд түүн дундаа бүгд л солонго хараад дуу алдана. Ерөөсөө солонго бол хуучин ертөнцөд ч байгалийн үзэсгэлэнт үзэгдэл байсан бөгөөд энд бол яг дэргэд нь байх тул харахад илүү хүчтэй мэдрэгдэж байлаа. Эндхийн солонго нь тэнгэрийн дээгүүр нумран татдаггүй тэдний дундуур өөрөөр хэлбэл Хаан модны хөндийгөөр урсан өнгөрнө. Хүмүүс өнгө гэрлийн гайхамшигт дурлан нүд салгалгүй ширтэнэ. Хэзээ ч сонсож байгаагүй тийм намуухан аялгуун дор хүмүүс бие биендээ хайр түгээж, нэг нэгэндээ дурлалцаж байв. Хаан модны хөндийгөөс хайр, зөвхөн хайр ханхална...

Фармеус энд хүн бүхний хайрыг татаж, түүнд бүгд талархан хүндлэл үзүүлнэ. Хүмүүс цаг хугацааг мартаж эхлэв. ОГТ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ЗҮЙЛС Л АМАРХАН МАРТАГДДАГ БИШ БИЛҮҮ? Нөгөө л саруулхан гэрэлт шөнө үргэлжилсээр л байв. Фармеус Хаан модны ёроолд суун тамхи асаав. Гал гайхамшигтай хувьсана... хараад л баймаар. Тамхины утаа салхитай нийлэн янз бүрээр угалзран эргэлдэж гоёмсог хээтэй салхи болоод зугуухан нисэн одно. Тэгснээ эргэн ирнэ. Яг энэ мөчид тамхины утаан хөшгийг яран нэгэн эмэгтэй түүн дээр ирсэн нь сар мэт үзэсгэлэнтэй, солонго мэт цэнхэр нүдтэй бөгөөд торгомсог цагаан далавч нь сахиусан тэнгэр гэдгийг нь сануулна. Фармеус ахиад л ухаан жолоогүй дурлах нь тэр. Бүсгүй түүн рүү инээмсэглэн ирээд чихэнд нь уянгалаг намуухнаар шүлэг шивнэхэд өнөөх гайхамшигт мөнхийн аялгуутай нийлэн улам ч яруу сонсогдоно. Бүсгүй зөөлөн цагаан далавчаараа Фармеусыг хучин авч гэзгээрээ түүний хүзүүгээр тэврэн оосорлож зарим нь хацар нүүрийг нь илбэн гижигдэх бөгөөд энэ нь түүний оюун ухаан хийгээд мэдрэмж үснийхээ ширхэг бүрийг удирдахаар тийм их гэдгийг нь харуулж байв. Тэд удтал амраглав...

Бүх моддын хаан аварга том царснаас нэгэн төрлийн шүүслэг цагаан жимс ургадаг бөгөөд бал мэт амттай, дарс мэт мансууруулна. /Өшөө өөр ч нөлөө үзүүлдэг байж мэднэ/ Цагаан жимсийг хүмүүс идээ ундааны хаан гэж өргөмжлөн амтархан хүртэцгээх болсон тул өөрийн бие сэтгэлийг гаргуун удирдаж сурж байв. Тэдний зарим нь усанд яг л загас мэт сэлэн, харин зарим нэг нь тэнгэрт яг л шувуу мэт нисэж чаддаг бол өөр хэсэг нь өнгө өнгийн гэрэл өөрөөсөө цацруулна. Улмаар тэд тэнгэр огторгуйгаар барахгүй сансарын уудам орон зай, далай тэнгис хийгээд усны ертөнцийг бүрэн таньж мэдэн зохицон амьдарч сурахад хэсэгхэн хугацааг зарцуулав.

Хэдэн минут, хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жил энэ мэтчилэн өнгөрснийг хэн ч бодож олох гэж хичээсэнгүй. Нэг л өдөр тэдний ирсэн газраас хар хувцастай нэгэн хүн ирж бүх зүйлийг эргэн сануулахаас өмнө тэд хэн байснаа ч мартсан байв. Хар хувцас хар нүдтэй тэр хүн Фармеусын өмнө сөгдөн уйлж, соёл иргэншилт нийгэм, цаг хугацаа, сүнсний үхмэл байдлаа ярин хамт амьдрахыг зөвшөөрөөч гэж гуйлаа. Тэрээр нүдний өмнүүр сүлжилдэн давхих машин техник, их хотын утаа тортог, хүмүүсийн зүгээс ирэх аюул заналхийлэл, эрх мэдэл-хүчирхийлэл, эд баялаг, байгалийн сүйрлээс үүдэн ойр ойрхон нүүрлэх болсон байгалийн гамшгууд, мөн хамгийн аймшигтай нь соёл урлаг хэнд ч хэрэггүй болсон зэрэг олон зүйлийг амар амгалангийн оршин суугчдад ярьж өгөв. Сонссон хүмүүсийн зарим нь хаанаас ирсэн хэн байснаа эргэн санаж энэ таагүй зүйлс, таагүй дурсамжуудыг нь сануулсан өнөөх хүнээс зайгаа барин далайн зүг гүйлдэж, зарим нь тийм газар байдаг, бүр тийм там байдаг гэж ой ухаанд нь багтахгүй байгаа тухайгаа намуухан шивнэлдэж хар хувцаст хүнд итгэхийг ч хүссэнгүй. Эцэст нь Фармеус огтхон ч эргэлзэлгүй их л найрсгаар түүнд цагаан жимснээс тасдан өгч, цаг хугацааны тухай бодлыг нь өөрчилж, агуу мэдрэмжийг хайрлав. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ахин нэг хүн ирж өмнөх урилгагүй зочны ярьснаас илүү их зовлон шаналал, муу муухай зүйлсийг ар араас нь ярин цагаан сэтгэл, амар амгаланг шаардан хашгирч хэрэв зөвшөөрөхгүй бол үхнэ гэж сүрдүүлэв. Энэ мэтчилэн хар хүмүүс ар араасаа цуврах болсон ба соёлт ертөнцийн тухай ярих тэдний яриа улам ч аймшигтай болсоор байлаа.
Хар хүмүүс гэдэг нь сахал үс нь ургаж нүүр ам гар хөл нь хиртэж харласан, маш их ядарч туйлдсаны дээр нүднээс нь үл мэдэг хар сүүдэр цацарч харагддаг тул амгалангийн орны иргэд ийн нэрлэх болжээ. Гэвч тэд тун амархан бүх бие нь тайвшралыг олж, нүдний сүүдэрээ үргээн агшин зуурт л тэдний нэг болдог байв.

Фармеусын харах мэдрэмж бусдаас гойд илүү хөгжсөн мөн түүний нүднээс цэгээн гэгээ цацардаг бөгөөд тэрээр Хаан модны хөндий рүү хар үүл бага багаар ойртсоор байгааг бусдаас түрүүлж ажиглажээ. Тэгээд удтал ажиглаад энэ нь тэднийг чиглэн ирэх хар хүмүүсийн уртаас урт цуваа, хар үүл гээд байгаа зүйл нь тэдний нүднээс цацардаг сүүдэр болохыг мэдэж авав. Тэд нэг нэгээрээ ирдэг байсан бол яваандаа хоёр гурваараа удалгүй бүр арав хориороо ирэх болов. Фармеус цэнхэр нүдэн тэнгэрийн бүсгүйтэйгээ өтлөхийг мэдэхгүй үүрд жаргана гэж боддог байсан бол энэ бодолдоо эргэлзэж эхэллээ. Гэвч ХЭНД Ч ХЭЛЭХ ХЭРЭГГҮЙ гэж тэр шийдлээ. Хэлэх нь бүү хэл орилж хашгичсан ч түүнийг ойлгож сонсох хүн энэ диваажингаас мэдээж олдохгүй байлаа. Ингээд хайр ханхалсан Хаан модны хөндийд хэдэн мянган хүн доод хэдхэн мөчир дээр л амьдарч болоод байдаг байсан бол хэсэг хугацааны дараа Аварга царсны талд хүртэл "АМРАГЧИД" дүүрэв.

Гэхдээ л амар амгалангийн оронд амар тайван аз жаргалын аялгуу эгшиглэсээр, торгон мэдрэмжээр дүүрэн цагаан сэтгэлтнүүд хэрхэн өнгөрч байгаа нь ч мэдрэгдэхгүй цаг хугацааг дурлал хайраар дүүрэн өнгөрүүлсээр, амьдрал үргэлжилсээр л байв.

үргэлжлэл бий...
/цаг зав ахиухан олдвол үргэлжлэлийг нь хурдан блогтоо дэлгэнээ.
Гэхдээ л яарах хэрэг байгаа ч юм уу?
ЦАГ ХУГАЦАА ГЭЖ ЮУ БИЛЭЭ?
Энэ гаригт бол юу ч биш/







5 Сэтгэгдэл:

Арима said...

Фармеусын түүх бол гайхалтай туурвил... Ямар нэг нууцлаг далд совинд хөтлөгдөн бичсэн юм шиг санагдаад байдаг

М.Б. Заяа said...

Баярлалаа Арима. Төгсгөл нь харин надад хүртэл таалагдахгүй байгаан. Гэхдээ яая гэхэв миний эрх ашгаас аль хэдийн даван гарсан тул төгсгөлийг нь тэр хэвээр нь л бичиж дуусгах үлдээд байна.

tamiraa said...

Сайн уу залуусаа, тусламж хэрэг болоод байнаа.
За тэгэхээр, жаахан л хөдөлвөл унчихмаар нарийнхан, маш эмзэг зааг эрмэг дээр хайр сэтгэлээ босгож, түүнийгээ аварч үлдэх гэж байгаа юм. Нэг зүйлээс нөгөөд шилжих тэр торгон агшинг (Зааг) гэдгийг
илэрхийлэхээр холбоо үг хэрэгтэй байна. Яг л үнэн худлын дэнсэн дээр энэ тэр гэдэг шиг, гэхдээ энэ удаа дэнс хоёр тэс ондоо ертөнцийн зааг, нарийн торгон хил байгаан
за хүмүүсээ туслаарай.

М.Б. Заяа said...

Хайр сэтгэл хаалга тогшив нээлттэй зарын самбар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Асууцгаа хариулцгаа.

Anonymous said...

gaihamshigtai umaa ter tsenher nudtei medremjtei busguigeesee hagatsah um shig sonin sanagdla gehdee tiimgui ch baij boloh l um tiimee urgeljeliig hurdan taviarai gej husye