Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй уйтгарлах ч үгүй дөнгөж амь зуух юмсан
Гуу жалганд шунаг ёроолгүй сэтгэлээ мөнхөд булж хаячихаад
Гунигийн хотод дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан
Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох юмсан
Орчлонгоос тасарч тоостой далавчаараа үүл хүртэл нисээд
Одот тэнгэрт саран дээр сууж сүүлчийнхээ шүлгийг бичих юмсан
Хээр тал ой шугуйд нуугдсан гоо сайхныг нээж
Хэдхэн жил салхи шиг тэнэж яваад чимээгүйхэн үхэх юмсан
Олон жилийн гунигаа гартаа цуглуулж нулимсан сондор хэлхээд
Олдохгүй газар үнэт эрдэнэс шиг нууж санаагаа нэг амраах юмсан
Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан



4 Сэтгэгдэл:
Гунигын хотод алхаж явах шиг
Гунигын хотод бороо орох шиг
Гунигын хотоос бүр мөсөн буцахад
Хэн нэгэн үдээгүй л байх шиг...
гоё шүлэг байнаа баяраллаа.
Нямка-д Нямкаг бага ч гэсэн гунигийн хотоор алхуулсан бол энэ шүлэг нөлөөлж л байгаан байна гэж бодлоо. баярлалаа
Яруу сайханд хувилсан гунигаас илүү төгөлдөр гоо гэж үгүй мэт
Тийн хувилгагч найрагчийг хэнтэй ч адилтган жиших билээ дээ
Арима
Арима-д
Яруу сайхан гоо төгөлдөрийг мэдрэх бүрийдээ
Ямар өчүүхэн гэдгээ санаж яг түүн шигээ даруухан амь зуухсан гэж боддог билээ. Баярлалаа
Post a Comment