Гунигтай тийм нэг шөнөөр өөртөөн зориулж бичсэн
Гуниг л үнэртэх ёстой энэ хэдхэн мөрүүд минь
Гав ганцаараа хэн нэгнийг үгүйлэн суухдаа бичсэн
Ганцаардал л тэмтрэгдэх учиртай энэ хэдхэн мөрүүд минь
Харанхуйн дээвэрт сар байна од байна салхи байна
Хаа нэгтэй тэгэхээр гунигт сэтгэл гиюүрч л таараа
Харанхуйн ёроолд навч байна өвс байна ус байна
Хаа нэгтэй тэгэхээр ганцаардсан сэтгэл ганихарч л таараа
Унтаад сэрэхэд сар байхгүй од байхгүй гэвч салхи нь хэвээрээ
Уншаад л үзэхэд өчигдрийн гуниг яг хуучнаараа
Гунигтай тийм нэг шөнөөр өөртөөн зориулж бичсэн
Гуниг л үнэртэх ёстой энэ хэдхэн мөрүүд минь
Thursday, July 16, 2009
Нойроо гээчихээд
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Фармеус цаг хугацааг өөрчилсөн нь /Хоёрдугаар хэсэг/
Нар маш удаанаар мандсаар л байлаа. Маш удаанаар мандсан шигээ хурц наран аажмаар улам ч халуунаар төөнөж уур амьсгал бүгчим хэцүү болж эхлэв. Хүмүүсийг залхаасан энэ тэсвэрлэшгүй халуун нь шөнийн жаргалаас ч он удаан үргэлжлэх мэт тэдэнд санагдаж байлаа. Тэнгисийн гоо сайханд дурлагчид хийгээд тэнгэр огторгуйн гоо сайханд дурлагчидаас бусад нь бүгд хаан модны сүүдэр бараадан нозооров. Тэгээд ИХ НОЙРСОЛТ гэж нэрлэсэн тийм цаг хугацаа үргэлжилэв. Хэт мэдрэмжтэй эдгээр хүмүүст нарны халуун нь эгээ л тамын халуун тогоо мэт. Хүмүүс халуунд дасан зохицох гэж хичнээн ч хичээсэн болж өгсөнгүй, ямар ч үр дүн гарсангүй. Тэдэнд ердөө шөнийн сэрүүнийг хүлээн унтах л үлдлээ. ИХ НОЙРСОЛТ...
Хэдэн минут, хэдэн цаг, хэдэн сар, хэдэн жил энэ мэтчилэн өнгөрснийг хэн ч бодож олж чадсангүй. Анх тэднийг ирэхэд цав цагаан навчис нисэлдэж шөнийн сарны туяанд үргэлж л гэрэлт цох мэт анивчин байдаг өнөөх цагаан навчис эхнээсээ шаралж эхэллээ. Бүгд Фармеусыг ямар нэгэн арга бодож олох ёстой хүн гэж өөр хоорондоо ярилцах боловч тулган шаардсан хатуу үг цагаан сэтгэлтнүүдээс гарсангүй. Энэ үеүдэд цэнхэр нүдэн бүсгүй маш ихээр ганцаардаж эхлэв. Ганцаардана гэдэг нь энд байж болшгүй зүйл байлаа...
Ийм хэцүү үед ч гэсэн өнөөх хар хувцастнуудын цуваа тасрахгүй байсан бөгөөд хамгийн хачирхалтай нь хар хувцастнууд нартай гайхалтай зохицож байсан төдийгүй урд ирж байснаасаа арай л дээр сэтгэл зүйтэй болцгоожээ. Дээр нь нүднийх нь хар сүүдэр ч бага багаар арилж байгааг Фармеус ажиглав. Фармеус хөлсөө арчин байж тэднээс нартай яаж ийнхүү зохицон байгаа нууцыг нь ахин дахин асуух авч тэдний хариулт нэгэн хэвийн байлаа: Бидний хувьд нар амьдралыг тэтгэгч, бид нарнаас эрч хүч олж авдаг, нар бол ертөнцийг мөн биднийг гийгүүлэгч, нарны л хүчээр бүх дэлхий оршин тогтнодог... Харин Фармеус тэдэнд цөөрч байгаа жимснээсээ харамлалгүй өгсний дараа тэд нарны хүчийг хэд дахин илүү мэдэрч тэсэхийн аргагүйд хүрч зарим нэг нь далайн усанд живж үхэхийг илүүд үзэж эхлэв. Мөнхийн амар амгалангийн оронд ҮХЭЛ гээч хүч нартай хамт ирлээ. Энэ явдлын дараа Фармеус нар ахин жаргатал хар хувцастнуудад жимс өгөхгүйгээр шийдэв.
Нар жаргахыг хүлээн буй хар хувцастнууд далайн эргийн хадан цохион дэргэд амьдарцгаах болж зөвхөн тэр л зүгээс хүмүүсийн инээлдэх дуу, хадан цуурайтай хамт сонсогдож эхэллээ. Мөн тэд гайхмаар хурдан хөдөлнө. Зарим хөдөлгөнийг нь харах мэдрэхүй нь гайхалтай хөгжсөн Фармеус ч олж харж үл чадна. Тэд далайн усанд сэрүүцэн сэлэхдээ загаснаас ч шалмаг, хөөцөлдөн гүйх нь зээрээс ч хурдан ажээ. Нар тэдний бүх аз жаргал, амар тайвныг мөн шидэт цагаан жимсийг нь үгүй хийж байв. Хэсэг хугацааны дараа бүх моддын хаан аварга цагаан царс ширхэг ч жимсгүй ширхэг ч навчгүй боллоо. Нарны хурц гэрэлд шар навчис гялтганан нисэлдэх нь тэнгэрээр нэг нарны хэлтэрхий байх мэт улам ч хэцүү санагдана.
Гэнэт нэг эмэгтэй маш муухай ориллоо. Амар тайвныг олсноос хойш ийм түгшүүртэй хоолой сонсолгүй удсан цагаан сэтгэлтнүүд бүгд айж цочив. Фармеус тэр эмэгтэй дээр очин учирыг асуувал. Надад өнөөх гайхамшигт аялгуу сонсогдохоо байчихлаа. Би сонсох мэдрэмжээ алдаж эхэллээ. Надад жимс өгөөч гэж уйлж орилж эхлэв. Харин Фармеус түүнд тамхи асааж өгөөд тайвшрахыг хүсэв. Тэр эмэгтэй сүнсгүй цогцос болтлоо уйлан уйлсаар байсан бөгөөд түүнийг мэддэг хэсэг хүмүүс цогцсыг нь газарт булав. Тэнгэрийн орны иргэд айдаст автлаа. Тэгээд урьдынх шиг хайрлан дурлалцах хүсэлгүй болов. Одоо тэд өнөөх эмэгтэй шиг хэзээ булуулах бол хэмээн цагаа хүлээн их нозоорол дунд зовлонт биеэ чагнасаар хаан модны ёроолд амьд үхдэл мэт орших болов.
Фармеус хаан царсны оройд суун өөрийн бий болгосон амар амгалангын орныг айдас дүүрэн нүдээр ширтэн сууна. Урд өмнө нь инээд баясал, аз жаргал, хайр дурлалын хот байсан мөнхийн хот нь одоо тийм байхаа больжээ. Тэнгисийн гоо сайхан хийгээд сансар огторгуйн гоо сайханд дурлагчид бүр үзэгдэхээ ч байв. Магадгүй тэд аль хэдийн үгүй болсон ч байж мэднэ. Фармеуст л гэхэд дурлалт цэнхэр нүдэн бүсгүйнх нь дуу хоолой сахиусан тэнгэрийнх мэт тийм сайхан сонсогдохоо больжээ. Нар гарснаас хойш өнөөх хар үүл арилсан нь хар хувцастнуудын цуваа эргэсэнтэй холбоотой байжээ. Эцэст нь Фармеус энд хэр их хугацааг өнгөрүүлснээ бодож үзэв.
Тэд энд нар жаргаж байхад цугласан. Тэгээд нар жаргахтай зэрэгцэн зүүд мэт амар тайван амьдрал эхэлсэн. Нар жаргаж шөнө болсноос хойш анх удаа нар мандсан нь энэ.
Гайхалтай.
Бид энд ердөө нэг л шөнийг өнгөрүүлжээ.
Гэтэл ямар урт удаан жаргал цэнгэл, амар тайвныг амталсан билээ.
Би цаг хугацааг ингэж удаашруулсан юм чинь буцаагаад хурдлуулж чадах болов уу?
Гэтэл би үүн шиг шидэт хаан мод, шидэт цагаан жимс хаанаас ахиж олох вэ?
Хамгийн сүүлийн хар хувцаст хүн ирснээс хойш Фармеус ер бусын мэдрэмжээ алдаж эхэллээ. Тэр урьдынх шигээ харж чадахгүй болж нүдний цэгээн сүүдэр нь унтарч эхлэв.
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Хүүрнэл зохиолууд
Tuesday, July 07, 2009
Байгаль ширээн дээрх үдийн зоог
Энэ голын усанд загасан зууш амтат түрс хөвж
Эрэгт нь нууцалж зассан үүрэнд гурван ширхэг өндөг шаржээ
Шаналах хэрэггүй ээ шаналах хэрэггүй гэж амандаа үглэх
Шарсан нугас ширгэсэн нүд тасдуулсан жигүүр
Үхлээр амталсан үдийг зоог ходоодонд орж
Үдэш нь хар дарсан зүүдэнд ийнхүү шүлэглэв би
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шөнө /Одончимэгтээ зориулна/
Харанхуй...
Эзэнгүй...
Аниргүй...
Хар дарсан зүүднээс сэрнэ. Чи эзгүй
Санаашрал...
Гиюүрэл...
Ганцаардал...
Санасан сэтгэл нойргүй, ийм нэг шөнө.
Хөнжил байвч халхлах хэрэг үгүй
Хөлөрсөн бие, бүлээн уруул, чи минь үгүй
Гав ганцаар орон дээр өнгөрөөх ийм шөнүүд
Гал цогтой ийм л насанд минь даанч зохихгүй
Гэзэгний чинь үнэр, нүдний чинь талимаа
Гэмгүйхэн хэлэх бүдэг бадаг ганц хоёрхон үг
Удаан хүлээсэн сэтгэлийн минь орон зайг дүүргэж
Унтаад сэрэхэд чи минь дэргэд байдаг ч болоосой
Харанхуй, аниргүй, эзэнгүй...
Хар дарсан зүүднээс сэрнэ. Чи эзгүй
Чийгтэй энэ борооны дараах шөнийг ямархан гэх вэ?
Чиний минь уруул одоо нороо боловуу яагаа бол???
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Одончимэгтээ зориулна
Тээр алсын ууланд нь манан сууж босно
Тэртээх амрагаа санахаар гуниг ирж буцна
Шар айрагны ширээн дээрх хөлчүү залуу үзэсгэлэнтэй ч
Шаналсан зүрхийг нь хайрлах хэд билээ? Ганцхан
Зүйл зүйлийн цэцэг хөндийгөөр нэг ургавчиг
Зүрхийг минь соронз мэт татсан нь хэд билээ? Ганцхан
Хонгор хонгор сэтгэл нь уярч дурлах нь олончиг
Хорвоод намайг л гэсэн нь хэд билээ? Ганцхан
Зол заяагаар учирсан заяа тавлингаас алсарч
Зол жаргалтай өдрүүд гуниг ганцаардлаар солигдоно
Урваач урваач гэх нь мянгантай тохиол гэхсэн
Уяхан хонгор минь надад даанч хэд билээ? Ганцхан
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Sunday, July 05, 2009
Тийм нэг аялгууг сонсоод тэр нэг шувууг ширтэхэд:
Гунисан сэтгэлээ цаасан дээр асгатал шувуу болчихоод
Тэгж л таарна...
Тэнгэрт нисэх шувуудыг удтал ширтдэгсэн
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Saturday, June 27, 2009
Нулимс - Бороо
Ганихарсан сэтгэлээс алдуурсан дусалхан нулимс
Газарт шингэдэг. Тэгээд навч болж дэлгэрдэг.
Сар хэдэнтэй улирч намар болоход
Санааширсан сэтгэл салхи болоод тэнгэрт хөөрдөг
Даалгүй асгасан тэр их нулимс
Дараа нь над дээр асгарч би ахиад л гунидаг
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Friday, June 26, 2009
09.06.25

Охиноо санана...
Ээжийгээ санана...
Эхнэрээ санана...
Он жилүүд
Зугаахан урагшилж
Намуухан өнгөрнө
Инээдийг санана...
Нулимсыг санана...
Тэврэлтийг санана...
Эргэх цаг яасан ч удаан,
Бүр яасан ч удаан
Өдөр ганцаараа...
Шөнө ганцаараа...
Өглөө ч бас ганцаараа...
Өөрчлөгдөхгүй нэг л өдрийг
Ахин дахин үднэ
Ахин дахин угтана
Салхинд сууна...
Сарыг ширтэнэ...
Тамхи татна...
Сар жилүүд ямар ч урт,
Бүр ямар ч урт
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Thursday, June 18, 2009

Мөрөөдлөөр дүүрэн өдрүүд нэг нэгээрээ одох шиг
Мөрөн дээрээс унах навчсын чимээ гунигтай
Хөлд гишгэгдэх навчис өнгөрсөн өдрүүд минь юм бол
Хөөр баяртай өдөр яасан ч цөөхөн байгаав дээ
Юунд, сэтгэл минь юунд ийн санаашраа вэ?
Ердөө л навчис, навчис л унаж байна
Унахын тоогоор ахиад л дэлгэрэх навчсыг нэг ажвал
Урдаас минь ирэх гунигт өдрүүд яасан ч их юм бэ дээ
Нийтэлсэн
М.Б. Заяа
2
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд 8 мөртүүд
Thursday, June 04, 2009
...
Магадгүй би ирэхэд чинь байхгүй.
Мартагдсан амар амгалан минь гэтэл чи
Маргааш очно доо гээд хаа нэгтээ тайван.
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Ээжийг сүү өргөхийг хараад бодсон шүлэг
Бүлээн сүүний мянган дуслаар газар тэнгэрийг ундаалсныг нь бодож
Бүсгүйн биед ганцхан дусал сүү тэнгэр эцэг унагасан юм
Гариг ертөнцийн хамгийн уяхан сэтгэл санамсаргүй эзнээ олж
Гандах навчис, халих шувууд араасаа гуниглах хүнтэй болсон юм
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд 4 мөртүүд
...
Далай, уул, үүлэн дунд
Даалгүй орхисон гунигийг минь
Дараа нь хэн нэгэн ирж авах л байх даа.
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Аниргүйхэн аж төрөхийн учир

Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн
Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно
Нийтэлсэн
М.Б. Заяа
2
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Энгийн л нэг ...

Яг одоо нүдээ аниад л ойн цоорхойд цэцэг дэрлэн
Нар мандахыг хармаар байна
Яг одоо нүдээ аниад л голын усанд чулуу үсэргэн
Ээжийгээ аргал түүхийг хармаар байна
Яг одоо нүдээ аниад л сартай шөнө чамтай уулзаж
Санаашрал дээрээ санаашрал нэммээр байна
Яг одоо нүдээ аниад л ятгын эгшиг сонсож
Өлгийндөө цэцэг шиг дохиж зүүрмэглэмээр байна
Яг одоо нүдээ аниад л хусан төгөлд найганхан
Хүн шиг биш хус шиг салхиатай эрхэлмээр байна
Яг одоо нүдээ аниад л ертөнцийн эмжээр ширтэн
Далайн дунд дарвуулаа буулган хөвмөөр байна
Яг одоо нүдээ аниад л яруу найрагчдийг бүгдийг нь сэрээж
Үхлээс эхтэй үзээгүй бүхнээ яриулмаар байна
Яг одоо нүдээ аниад л ээжтэйгээ хамт зах руу алхсан
Эргэж хараагүй он жилүүдийн араас нулимстай нүдээр хамаг чадлаараа хашгиран хашгиран дуудмаар байна
Нийтэлсэн
М.Б. Заяа
2
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Миний даяаршил

Чи англиар цэвэрхэн ярьж яг франц хүн шиг дурладаг
Чамд би атаархдаггүй
Би өөрөө өөртэйгөө ярьж өвгөн зөгий шиг цэцэг харж гунигладаг.
Чи индиан шиг архидаж мөхлөөс зугатан америк орныг зүүдэлдэг
Чамд би атаархдаггүй
Би сартай хундага тулгаж өвсний гоо сайхны тухай өөрөөсөө асуусаар үүр цайлгадаг.
Чи итали гутлаар чулуун зам товшилж турк нэхийтэй хөлөрдөг
Чамд би атаархдаггүй
Би нүцгэн хөлөөрөө цэцэгс гижигдэж дээлэн дотроо салхи тээж явдаг.
Чи бид хоёрын даяаршил өөр шүү!
Чамд би атаархдаггүй.
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Фантази

Норсон далавчаа тайлчихаад
Эрвээхэй алхаж явах шиг
Чи дэргэдүүр өнгөрнө
Аль эрт алдсан жигүүрээ
Алхаан дундаас чинь би
Олж түүнэ
Хөлийн хээтэй далавч
Хөндүүрлэх бүрт
Чамайг үгүйлнэ
Өдөө гээж алхсаар
Өөртэй чинь ахиад
Таарах ч юм шиг
Норсон далавчаа тайлчихаад
Эрвээхэй алхаж явах шиг
Чи дэргэдүүр өнгөрнө
Аль эрт алдсан жигүүрээ
Алхаан дундаас чинь би
Олж түүнэ
Хөлийн хээтэй далавч
Хөндүүрлэх бүрт
Чамайг үгүйлнэ
Өдөө гээж алхсаар
Өөртэй чинь ахиад
Таарах ч юм шиг
Норсон далавчаа тайлчихаад
Эрвээхэй алхаж явах шиг
Чи дэргэдүүр өнгөрнө
Аль эрт алдсан жигүүрээ
Алхаан дундаас чинь би
Олж түүнэ
Хөлийн хээтэй далавч
Хөндүүрлэх бүрт
Чамайг үгүйлнэ
Өдөө гээж алхсаар
Өөртэй чинь ахиад
Таарах ч юм шиг
...
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Sunday, May 17, 2009
Нүдийг чинь санаад бичсэн шүлэг

Учирлах нь
Уйлах мэт амраг бүсгүйнхээ харцнаас
Уучлал эрэх минь
Юм юмнаас ичгүүртэй байдаг
Дотогшоо унагасан
Нулимс бүрийг нь тоссон ухаарал
Доголон нулимсны сорви үлдээн
Цээж самарддаг
Итгэх нь
Инээмсэглэх мэт амраг бүсгүйн минь харцнаас
Ирээдүй асгарах нь харин
Юу юунаас үнэтэй байдаг
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Saturday, May 16, 2009
Тэнгэр л ширтэх...

Амьтны хүрээлэнгийн торон дотроос би өөрийгөө олж харчихаад
Айсан ч үгүй цочсон ч үгүй
Тэвчээр багласан торон дотроос тэнгэр л ширтэх галгүй харц
Тэр ч нисэхгүй би ч нисэхгүй
Жигүүртэй жигүүргүй нэгэнт ялгаагүй хоёр харц огтолцох
Жихүүн тэнгэр хүсэл шиг нь хол
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Friday, May 08, 2009
Фармеус цаг хугацааг өөрчилсөн нь /Нэгдүгээр хэсэг/
Хаалгаа ч хаалгүй орхиод гүйж гарах сайхан
Мөрөөдлийн шаргал хөлөгтөө суугаад үүлнээс үүл дамжин
Мөнхийн хайр эгшиглүүлэн дэмий тэнэх сайхан
Зүүдэн дунд чинь тэгээд захиа болон очиж
Зүүд мэт итгэмгүй энэ ертөнцийн тухай
Энд хэрхэн дурлаж хэрхэн хайрладаг тухай
Энхрийлж хайрлахаас бусад нь үнэгүй байдгийг ярихсан
Зуун өнгийн солонго татсан хөв хөх тэнгэрт нь хөвөн цагаан үүлс цагариглан зургийн мэт үзэмжийг бүрдүүлсэн бөгөөд харсан бүхний сэтгэл хөдлөн сүрдмээр тийм үзэсгэлэнтэй.
Мянган зүйлийн гайхамшигт цэцэгс нойрмоглон найгаж, анхилуун үнэрт сэрүүн салхи эдгээр цэцэгсийг бүүвэйлэн шидэт нойронд автуулахын дээр гэрэлт бороо ганц нэгхэн дусагнах нь үзсэн бүхний сэтгэл уяран уяран хайралмаар тийм үзэсгэлэнтэй.
Түмэн зүйлийн од эрхэс анивчин дохиж, галт хийгээд гэрэлт солирууд урд хойгуур нисэлдэх авч үлэмж амгалан нэгэн зүйлийн диваажин мэт тийм үзэсгэлэнтэй агаад зөвхөн хүмүүн бидний мөрөөдөлд л оршин биелэж болохоор тийм гариг атал үнэхээр сансар огторгуйн уудмаа оршин байх ажээ.
Далайн цэцэгт хөвөөгөөр нь үүлэн шувууд амгалан нисэлдэж, уснаа загас жараахайд нь аюул үгүй гялтганан солбилдож, цэцэгт талаар нь зэрлэг адуу, зээр гөрөөс салхи мэт хурдлан давхих ба морьд нь өдөт жигүүртэй, зээр гөрөөс нь нулимс мэт тунгалаг сүрлэг сайхан эвэртэй ажээ. Энэ газарт нэгэн үзэсгэлэнт хөндий байх бөгөөд уг хөндийн төв дунд нь цагаан өнгөт үлэмж том царс мод тэнгэр багандан ургасныг энэ гаригийн сүр жавхаа болсон Хаан царс, хаан мод гэж нэрийднэ.
Бүх моддын хаан аварга том цагаан царс модны дор мянга мянган хүн цуглажээ. Үүл цоолон ургасан хаан модны мөчирөөс цав цагаан навчис ганц нэгээр хаялах нь амар амгалан тэнгэрийн орноо бороо орж байна гэж санагдам тийм үзэсгэлэнтэй харагдана. Эргэн тойрон цав цагаан, ирсэн зочид ч мөн цав цагаан хувцастай тул Хаан модны хөндий харанхуйд ч гэрэлтэхээр цагаан болжээ. Салхи үлээх нь энхрийлэн хайрлах мэт. Салхинд тасарсан цагаан навчис газарт уналгүй нисэлдэх нь жигүүртэй мэт харагдана. Нар хажуулж тэнгэрийн хаяа нилдээ улаан туяа татуулан энд тэнд галт солир цахилан өнгөрөх нь яг л үлгэрийн орон мэт үзэмжийг бүрдүүлнэ.
Гурван зуун хүн эгнэж зогсоход хүрэлцэхээр царс модны хамгийн доод мөчир дээр Фармеус зогсон цугласан олныг сэтгэл догдлон ширтэх бөгөөд тэдэнд хэлэх гайхамшигт мэдээ нь нүднээс нь гэрэлтэж, тэрээр шөнийг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байв. Удалгүй наран амгалан нойрсон жаргаж саран авхай ихэмсэгээр мандан гийгүүлэв ээ. Эндхийн сар нь яг л гар сунгахад хүрэхээр ойрхон мандах тул ер бусын гэгээтэй бөгөөд үүлэн хөшиг нүхлэн тусах сарны гэгээнд хаан царсны шидэт цагаан навчис яг л гэрэлт цох мэт нисэлдэх ажээ. Фармеусыг нүдээ аних мөчид тэнгисийн дагинас уянгалаг аялгуу эгшиглүүлэн далайн гүнээс долгилон урсах амтат аялгууг сонссон хүмүүс уяран уйлж үзэгдэв. Фармеус яаралгүй, маш намуухнаар ярьж эхэллээ.
Харсан бүх зүйл үнэхээр амар амгаланг илэрхийлж байв. Өвсний ганхан дохих нь алгуурхан агаад бүүвэйн хэмнэл мэт, салхи хөлөглөн нисэх цагаан навчис дэргэдүүр өнгөрөх нь бүжих мэт, шувуудын далавчаа дэвэх нь урд урдынхаас удаан бөгөөд гайхалтай сайхан харагдаж байлаа. Урд нь аймшигтай санагддаг байсан далайн хүчит давалгаа хүртэл усан дуслууд цацруулсан аварга том хөдөлгөөн болсон байх бөгөөд хөөсөн бөмбөлгүүд нь тийм гайхалтайг хэн ч өмнө нь төсөөлж байсангүй. Байгаль дэлхий хүмүүсийг өөртөө соронз мэт татан түүний энэ гоо үзэсгэлэнгээс хэн ч нүд салгаж чадахгүй байв. Тогтож харсансан бол магадгүй эдгээр гайхам үзэсгэлэнг олж харахаар тийм чадавхи бидэнд өмнө нь байсан байж мэдэх. Фармеусыг нүдээ анихад нь эгшиглэж эхэлсэн өнөөх гайхамшигт аялгуу, тэнгисийн дагинас. Хаан модны хөндий тэр чигтээ хайр энхрийлэл, гоо үзэсгэлэн, итгэмээргүй гайхамшиг бүхнээр дүүрч тэнд цугласан хүмүүс хэзээ ч харж, хэзээ ч сонсож, хэзээ ч мэдэрч байгаагүй бүхнээ сэтгэл дүүрэн бахдан биширч эхэллээ. Фармеус өнөөх аварга мөчир дээрээс нэгэн том цагаан навч адил салхи хөлөглөн нисэж: Харав уу би нисэж байна гэх түүний дуу хоолой хөндий даяар цуурайтан сонсогдоно. Хүмүүс өмнө нь харж байсан ч мэдэрч байгаагүй бүх зүйлээ, тухайлбал, солонго, манан, үүл, бороо, гал, ус зэрэг нь сайн мэдэрч мөн хөдөлгөөнийг нь хэд дахин удаашруулж харвал үнэхээр гайхмаар зүй тогтол гэдэг нь мэдрэгдэх тул тэд удтал ширтэх бөгөөд түүн дундаа бүгд л солонго хараад дуу алдана. Ерөөсөө солонго бол хуучин ертөнцөд ч байгалийн үзэсгэлэнт үзэгдэл байсан бөгөөд энд бол яг дэргэд нь байх тул харахад илүү хүчтэй мэдрэгдэж байлаа. Эндхийн солонго нь тэнгэрийн дээгүүр нумран татдаггүй тэдний дундуур өөрөөр хэлбэл Хаан модны хөндийгөөр урсан өнгөрнө. Хүмүүс өнгө гэрлийн гайхамшигт дурлан нүд салгалгүй ширтэнэ. Хэзээ ч сонсож байгаагүй тийм намуухан аялгуун дор хүмүүс бие биендээ хайр түгээж, нэг нэгэндээ дурлалцаж байв. Хаан модны хөндийгөөс хайр, зөвхөн хайр ханхална...
Хар хүмүүс гэдэг нь сахал үс нь ургаж нүүр ам гар хөл нь хиртэж харласан, маш их ядарч туйлдсаны дээр нүднээс нь үл мэдэг хар сүүдэр цацарч харагддаг тул амгалангийн орны иргэд ийн нэрлэх болжээ. Гэвч тэд тун амархан бүх бие нь тайвшралыг олж, нүдний сүүдэрээ үргээн агшин зуурт л тэдний нэг болдог байв.
Фармеусын харах мэдрэмж бусдаас гойд илүү хөгжсөн мөн түүний нүднээс цэгээн гэгээ цацардаг бөгөөд тэрээр Хаан модны хөндий рүү хар үүл бага багаар ойртсоор байгааг бусдаас түрүүлж ажиглажээ. Тэгээд удтал ажиглаад энэ нь тэднийг чиглэн ирэх хар хүмүүсийн уртаас урт цуваа, хар үүл гээд байгаа зүйл нь тэдний нүднээс цацардаг сүүдэр болохыг мэдэж авав. Тэд нэг нэгээрээ ирдэг байсан бол яваандаа хоёр гурваараа удалгүй бүр арав хориороо ирэх болов. Фармеус цэнхэр нүдэн тэнгэрийн бүсгүйтэйгээ өтлөхийг мэдэхгүй үүрд жаргана гэж боддог байсан бол энэ бодолдоо эргэлзэж эхэллээ. Гэвч ХЭНД Ч ХЭЛЭХ ХЭРЭГГҮЙ гэж тэр шийдлээ. Хэлэх нь бүү хэл орилж хашгичсан ч түүнийг ойлгож сонсох хүн энэ диваажингаас мэдээж олдохгүй байлаа. Ингээд хайр ханхалсан Хаан модны хөндийд хэдэн мянган хүн доод хэдхэн мөчир дээр л амьдарч болоод байдаг байсан бол хэсэг хугацааны дараа Аварга царсны талд хүртэл "АМРАГЧИД" дүүрэв.
/цаг зав ахиухан олдвол үргэлжлэлийг нь хурдан блогтоо дэлгэнээ.
Гэхдээ л яарах хэрэг байгаа ч юм уу?
ЦАГ ХУГАЦАА ГЭЖ ЮУ БИЛЭЭ?
Энэ гаригт бол юу ч биш/
Нийтэлсэн
М.Б. Заяа
5
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Хүүрнэл зохиолууд
Monday, May 04, 2009
Зүгээр л - 2 /уужрах нь/

Мунхаг хүний насаараа хийх гээд чадаагүй
зүйлийг ухаант хүн ганцхан агшнаа хийж
болно. КҮНЗ
Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
СЕНЕКА
Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчирсөн сэтгэлийг бүтэн болгох гэгээтэй
Зүгээр л нэг санамсаргүй үг зүрхнээ урмын гал бадраах хүчтэй
Зүгээр л нэг хэрэггүй инээх нь сэтгэлд мөнхийн хайр үлдээх илчтэй
Зүгээр л нэг унагасан нулимс чинь бодолд ухаарлын нахиа дэлгэх шимтэй
Зүгээр л нэг салхи салхилах нь мянган цэцэгний учрал болдог
Зүгээр л нэг бороо орох мянган үндэсний баяр болж ирдэг
Зүгээр л нэг нар гарахад мянган сэтгэл догдлон уярч
Зүгээр л нэг солонго татах нь мянган жаргалын эхлэл болдог
Зүгээр л нэг үнсэх чинь, хэлэх чинь, инээх чинь
Зүүдэнд ч оромгүй гайхамшиг бүхний эхлэл байдаг
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Зүгээр л - 1 /учирлах нь/
Амнаас гарсан нэг ч үг
огт хэлээгүй үгс шиг
тийм их ач тус авчирсан нь үгүй. ПЛУТАРХ
Хүмүүсээс ямагт муу муухай зүйлийг хүлээ!
Хар салхи дэгдэхээс өмнө тэнгэр дуугардаг.
Байшин нурж унахаасаа өмнө цавтдаг.
Түймэр гарсныг утаа нь зарладаг.
Харин хүмүүсийн зүгээс ирэх аюул нь их байх тусмаа
улам чимээ аниргүй, цочир гэнэтхэн нүүрлэдэг. СЕНЕКА
Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хүндүүртэй
Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
Зүгээр л нэг зүггүйтэл насаараа харамсах шалтгаантай
Зүгээр л нэг хэрэггүй инээх нь хожмоо уйлж барахгүй гэмшилтэй
Зүгээр л нэг түлхэх чинь хүртэл найман жилийн тарчлаантай
Зүгээр л нэг сэтгэлээр унах түүнээсээ долоон дор уршигтай
Зүгээр л нэг яарч давхих чинь алтан амины үнэтэй
Зүгээр л нэг салхи салхилах мянган цэцгийн хүлээлт байдаг
Зүгээр л нэг бороо орох мянган үндэсний залбирал байдаг
Зүгээр л нэг нар гарахад мянган сэтгэл догдлон уярч
Зүгээр л нэг солонго татах нь мянган гунигийн төгсгөл болдог
Зүгээр л нэг үнсэх чинь, хэлэх чинь, хийх чинь
Зүүдэнд ч оромгүй гай зовлонгийн эхлэл байдаг
Сүүлд нь би түүнээс "Яах гэж... яах гэж?
Чамд ямар хэрэгтэй гэж чи тийм тэнэг юм хийж байгаан бэ?" гэж асуусан.
Тэр "би ийм юм болно гэж үнэхээр бодсонгүй би зүгээр л ..." гэж хариулсийм...
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Saturday, May 02, 2009
Согтуу бичсэн шүлэг
Шилэнд хийгээд бөглөсөн
Шинэхэн шингэн шүлгийг
Дэлгүүрээс худалдаж аваад
Дэвтэртээ буулгах дуртай би
Олон цаг ажиллаж ядраад
Олон ангит кино үзэлгүй
Орцныхоо үүдэнд ганцаараа суугаад
Од ширтэхдээ амардаг би
Ядрал зүдрэл шантрал бүхнийг
Яруу найргаас хол байлгаж
Амраг бүсгүйнхээ зөөлөн урууланд
Амьдралаа даатгаад үхдэг би
Шилэнд хийгээд бөглөсөн
Шинэхэн шингэн шүлгийг
Дэлгүүрээс худалдаж аваад
Дэвтэртээ буулгах дуртай би
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Friday, May 01, 2009
Хүсвэл би ниснэ Хүсвэл би шумбана

Нүгэлт орчлон ээ энэ нүгэлт орчлон гэж
Бусад шиг би солиорохгүй
Нүгэл хилэнц, уур хорсол, гомдол гуниг
Нүдэнд минь л бүх учир байгаа
Нар харах дургүй үргэлж онийж явдагт минь
Насаараа сүүдэр хайж сэрүүнд дурладагт минь
Тэгээд даарахаараа дулаан хувцасгүй байж
Тэвэр тэврээр цас ороход тэнэг юм шиг баясдагт минь
Хөлс урсгахдаа, хүнээс залхахдаа бас гэдэс өлсөхдөө
Хөгийн хорвоог биш чонын зовлонг ойлгодогт минь
Бусдаас өөр гэдгээ мэдрэх болгондоо тэгээд
Буланд нуугдаж суугаад өвстэй адилхан болчихдогт минь
Өвсөн дээр гишгэлэх өндөр өсгийтүүдээс харин
Өөрийгөө харамлаж чадалгүй зөгий шиг дурладагт минь
Нүгэлтэйгээр бүхнийг хардаг энэ
Нүдэнд л бүх учир байгаа.
Тэнгисийн гүн рүү нэвт хараад тэндэхийн амьдралыг мөрөөсдөгтөө
Тэнгэрт нисэх хэсэг шувуунд тэсгэл алдан атаархдагтаа
Тийм үнэ цэнэгүй амьдардагтаа
Тэнгисийг ч бас тэнгэрийг ч буруутгадаггүйдээ л
Нүгэлт орчлон ээ энэ
Нүгэлт орчлон гэж бусад шиг би солиордоггүй
Нүдэнд дусаадаг витамин чинь байна уу?
Хоёрхон дуслыг надад өгөөч
Хорвоог илүү гоёор харж үзэх гэсэн юм
Нийтэлсэн
М.Б. Заяа
4
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Шүд зуугаад уйлж бичсэн шүлэг

Ядуу явахад өдөр бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй
Зүдүү явахад бодол бүхэн шаналалтай
Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай
Хоосон явахад харсан бүхэн өнгөтэй
Хоолтой хоолгүй өнгөрүүлсэн хоног өдрүүд минь дурсамжтай
Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй
Ядуу явахад үнэндээ
Юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн амьдрал
Зовлонгоор баян тавилантай
Нийтэлсэн
М.Б. Заяа
10
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Monday, April 27, 2009
Бороотой болзооны зураглал

Гэв гэнэт бороо асгаж
Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий
Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална
Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг
Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой
Нийтэлсэн
М.Б. Заяа
2
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Бүх юм түр зуурынх

Бүх юм хоосноос хоосон.
Юуг ч хийх нь дэмий бөгөөд салхийг барих мэт, үр дүнгүй.
СОЛОМОН
Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх
Тагтан дээрх өвс зуусан болжмор нүднээс урсаад мартагдахуй болно
Тасалгааны цэцэг ургаж ургаж хамгийн сүүлд гуниг болно
Танил дотно зүйлс амьсгал хураатал үргэлжлэх дурсамж болно
Та бид цөм он цагийн уртад хувирч хувирч гээгдэхүй болно
Дурлаж амжаагүй охид цаг хугацааны төгсгөлд харуусал болно
Дулаахан хэн нэгний зүрх зогсоод нэг л өглөөний манан болно
Хайр нэхэж төрсөн хүн бүхэн гомдлын эцэст уучлахуй болно
Хамгийн сүүлийн шүлэг минь хүртэл хэсэгхэн зуурын оршихуй болно
Горхины хөх чулуу ус долоосоор өөрөө ч бас урсгал болно
Гол мөрөн урсаж урсаж загасан хээтэй хөх үүлс болно
Өвөөгөөс минь үлдсэн хуучин тагш эзэн шигээ л салхи болно
Өнө холын ирээдүй ойртон ойртсоор бүх зүйлийн төгсгөл болно
Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг-бүлэг өвс, нойтон уруул-навчны тоос
Нүднээс унах нулимс-лааны бүлээн тос
Ханилахуй-хагацахуй, хослохуй-өнчрөхүй,
Ээнэгшихүй-холдохуй эцсийн эцэст
Бүх юм түр зуурынх
Нийтэлсэн
М.Б. Заяа
7
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Гунигийн хотод хэдхэн жил амьдраад
Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй уйтгарлах ч үгүй дөнгөж амь зуух юмсан
Гуу жалганд шунаг ёроолгүй сэтгэлээ мөнхөд булж хаячихаад
Гунигийн хотод дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан
Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох юмсан
Орчлонгоос тасарч тоостой далавчаараа үүл хүртэл нисээд
Одот тэнгэрт саран дээр сууж сүүлчийнхээ шүлгийг бичих юмсан
Хээр тал ой шугуйд нуугдсан гоо сайхныг нээж
Хэдхэн жил салхи шиг тэнэж яваад чимээгүйхэн үхэх юмсан
Олон жилийн гунигаа гартаа цуглуулж нулимсан сондор хэлхээд
Олдохгүй газар үнэт эрдэнэс шиг нууж санаагаа нэг амраах юмсан
Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан
Нийтэлсэн
М.Б. Заяа
4
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Хэрвээ тэнгэр рүү харвал
Үүлэн цагаан хөшгийг нүдэн салхиар ярж
Үргэлж нуугдаж байдаг тэнгэрийн зүг харвал
Тэртээ гүнд оршдог аниргүй ертөнцийн дунд
Тэнгэрийн гунигтай охин уйлж байгааг харна
Бодлын цэнхэр мананг дурлалын салхиар ярж
Бор өдрүүдийн дундах уйтгарын зүг ширтвэл
Сэтгэлийн мухарт орших харанхуйн хаант улсад
Сэрэхээ хүлээсэн сүнс унтаж байгааг харна
Нийтэлсэн
М.Б. Заяа
0
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Monday, April 13, 2009
Ганцхан удаа инээмсэглээч

Нулимс шиг шорвог далайн гүнд
Нуугданхан байгаа загас мэт сэтгэл
Далай шиг нүд алдам гуниг дунд
Давалгаа хүлээн хөвөнхөн байнам
Хэзээ чи дарвуулийг минь дурлалын салхиар үлээх вэ?
Хичнээн жил би чамайг мөрөөдөнхөн хөвөх вэ?
Далдхан гунигаас үргээж эрэг рүү намайг дөхүүлэх
Давалгаа болгож над руу ганцхан удаа инээмсэглээч
Цэв цэнхэр тэнгэрийн уудамд
Цэцэг зуун нисэх шувуу мэт эрх чөлөө
Ангам цөл шиг тэвчээр алдам хүлээлт дунд
Аадар бороо нэхэнхэн байнам
Сэрүүхэн салхиа чи минь халуун цөл рүү нисгээд
Сэтгэлийн цангаа тайлтал дурлалын хураа асгаад
Юу ч ярих хэрэггүй ээ, чив чимээгүй ширтээд
Ертөнцийн гунигийг дундалж ганцхан удаа инээгээч
Нийтэлсэн
М.Б. Заяа
3
Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд
Түүнийгээ санагалзан бичсэн шүлэг
Санаа алдаад ч гэсэн цаг хугацааг туулах
Сайхан байдаг юм аа сэтгэлийн гэгээн гуниг минь
Дандаа гомдоодог ч гэлээ чамайгаа л мөрөөдөнхөн
Дарвуулаа буулгаад зөөлөн хөвөх аятайхан байдаг юм аа
Эзгүй гунигийн арал дээр нүдээ аниад л тийм уйтгартайгаар
Инээмсэглэлийг чинь сэтгэлдээ харж далайн чимээ чагнаад
Санаа алдаад ч бай хамаагүй чамайг л мөрөөдөн гуниглаж
Цаг хугацааг туулах сайхан байдаг юм аа гуниг минь
Зөөлөн шиврэх бороонд нүүрээ дэвсэж өгөөд
Зөрлөг замын дунд хэнийг ч хүлээлгүй ганцаардаад л
Ихэмсэг зан тэр л харцны өмнө толгой гудайлгалгүй
Ингээд л өвсөн дээр хэвтэх сайхан байдаг юм аа
Хамгийн өндөрт чимээгүйхэн нисэх өнчин шувууны нүднээс
Харсаар байтал нулимс унаад намайг онох ямар гээч
Нийтэлсэн
М.Б. Заяа
1 Сэтгэгдэл
Links to this post
Шүлгүүд Шүлгүүд





